Тос даасан хөрслөг бор царайтай
Тас хархан ширвээ хар сахалтай
Хэн ч харсан сайхан Монголын нэг жавхаа
Хайраа харамгүй тараагч миний ганц шүтээн
Ирээдүй болсон бидэндээ сайхан амьдралыг бэлэглэх гэж
Идэр залуу наснаасаа хайж яваа Хайгуулч-аа миний аав
Хийсэн ажил бүтээсэн бүтээлээр мөнхөд бахархаж явдаг
Хайгуулчийн зүрхний бяцхан жиргээ нь би байгаа юм
Уужуу бодол уяхан сэтгэлээ харцандаа нуугч
Уул хайрхан шиг дүн-хийн сүндэрлэгч аав минь
Ухаалаг төрхөөрөө намайг хүмүүжүүлж өсгөхдөө
Уйлах нулимсыг минь орчлонгоос харамласан гэлтэй
Тарвагатайн голыг өгсөж уруудан загасчилж өсөхдөө
Тал шигээ уудам ухаарлыг олоо байлгүй аав минь
Харцнаас тань би ухаарал мэдэрч өсөхдөө
Хайраар дутахыг зовлонг мэдрээгүй хүн болсон юм аа
Үзэсгэлэнт нутгийнхаа хөрсөн дээр хөл нүцгэн тийчилж өсөхдөө
Үеэс үед оршин тогтносон түүхт орондоо шунан дурлаа байлгүй аав минь
Үелзэн урсах ариун рашаанаар амлуулж мэдээ оруулсан болохоор та
Үр хүүхэд биднийгээ эх орондоо хайртай болгосон юм аа
Миний аав одот ертөнцийг холбогч хүү
Миний аав овоо тахилтын эзэн хүү
Миний аав онгод тэнгэрийн найрагч хүү
Миний аав омголон Монголын анчин хүү
Миний аав сайхан нутгийн ухаалаг хүү
Миний аав сайн аавын бахдам хүү
Миний аав сайхан ээжийн минь сүлдэт хань
Миний аав наддаа бурхан шүтээн билээ





Сэтгэгдэлүүд:
гоё бичжээ ижий аав гэдэг ачтай хүмүүс бурханаас илүү шүтээн шүү дээ
Харин та аавыгаа гайхалтай сайхан бичжээ.
Зүйрлэсэн үг бүр минь багадаад байсан болохоор
Зориг гарган бичиж чадсангүй
Ариун хайрыг магтдаг мөртлөө
Аав таныгаа магтаж би чадахгүй юм өршөө мунхаг үрээ.
Сэтгэгдэл үлдээх: